Нар өвөртөлсөн уул

Өмнөх үг ...


Хүсэл нь бие дотроо багтахаа байгаад

Хорвоо дотор томдох болсон тэр чонын

Сарьсан хоншоорыг нь цочоох

Салхыг авч очсон би...

Гэтэж мярааж

Гэнэтийн довтолгоо хийх мөнхийн араншингийнхаа оронд тэр

Гутарч доромжлуулсан

Гуниг зовлонтойгоор

Аяаархан босож

Алхалсаар

Хөл нь уулын чулуунд шархдаж

Хөдөө нутгаар гүйж эдгээгүй

Хэл нь цус амсаж

Хэрээ гуаглахыг чих нь сонсоогүй тэр чоно... гэсэн энэ шүлгийн мөрүүд яруу найраг гэж юу болохыг өөрийнх зөн совингоор, бичих ёсоор нь бичиглэсэн хэсэг байна гэж бодном.

О.Цэнд-Аюушийн шүлгүүдийг сонсоод би арав шахам жил болжээ. Энэ хооронд бодохнээ тэрээр цөөн боловч чанартай шүлэг бичдэг хүн юм.

/Нэгэн цагт О.Цэнд-Аюуш миний шавь байлаа.../ Түүний шүлгүүдийг уншиж байхад өөрийн үеийн бусад шүлэгчдээс ондоо нэг чанар байна. Тэр нь юу вэ гэвэл шүлгийг шүлэг болгож чаддаг чадвар. Зохиогчийн өөр нэгэн шүлэгт улс гүрэн, түүний газар нутаг өргөн уудам, агуа их байсан тухай "Тэнгэр хэмвтэж амардаг гүрэн улс нь" гэж гайхалтай сайхан оновчтой хэлжээ. Үнэхээр их талын хүн л ингэж хэлнэ.

Тэр шүлэгт:

Эрт цагт нэгэн гүрэн улс байж гэнэ

Эзлээгүй газар цэрэглээгүй зүг гэж

Тэдэнд үгүй...

Тэнгэрт л ганцхан

Тэдний морьд гарч чаддаггүй байж

Эзэнт гүрнийх нь нэг захаас нөгөө рүү нь явсан хүн

Эцэж туйлдаад буцаж харьдаг байж гэнэ

Тэгтэл он жил морин цэргийнх нь харавсан сум шиг нисэж

Тэнгэр хэвтэж амардаг байсан гүрэн улс нь

Нуур цөөрөм болж

Нулимсаа хатад нь нутаг дээрээ асгаад ч

Цусаа урсгаж хаад нь

Цуурсан дуулгатайгаа унаад ч

Гүрэн улс нь тэнгис далай байхаа нэгэнт өнгөрч гэнэ...

Энэ мэт шүлгээс өөрөөр илэрхийлэх араггүй санааг хэлж чадсаныг яруу найраг гэнэ. Минийхээр энэ бол яруу найргийн гол шинж. Нөгөө талаар шүлэг гэж юу гэвэл үргэлжилсэн үгээр хэлж болдоггүй юмыг шүлэг гэнэ. Үргэлжилсэн үг гэж шүлгээр илэрхийлж боломгүй зүйлийг хэлнэ гэж олон онолчид өгүүлсэн. Үүний цаа талд худал биш үнэн санаа буй.

Сүүлийн үед шүлгийн ном хэвлүүлж буй олон залуус байна. Олон шинэ ном гарч байна. Жаахан дэврүүлээд хэлбэл Монголчууд бүгдээрээ яруу найрагч болсон юм шиг. Гэвч бодит байдал огт тийм биш.

Өнөөдөр Монголд шүлгээр л илэрхийлэх санааг олж шүлэглэсэн шиг шүлэглэж буй яруу найрагч гарын арван хуруунд багдаж байгааг нуугаад яахав. Намайг багшаа гэдэг миний олон шавь шүлэг бичиж байна. Харамсалтай нь тэдний маань ихэнх шүлэг шүлэг биш байна. Өөрөөр хэлбэл үргэлжилсэн үг, өдрийн тэмдэглэлээр хэлчих зүйлийг шүлэг гэж ойлгоод бичээд байгаа.

Дахин хэлье. Шүлэг гэдэг бол ерөөс шүлгээс өөрөөр илэрхийлэх боломжгүй өгүүлэмжийг хэлнэ. Ямарч хэлнээс ямарч үгийг оновчтой сонгож цаатах нууц увидас, ид шидийг нь амилуулж чадахад яруу найргийн мөн чанар оршино.

Ингэхээр увидастай үг хэлж чадах хүнийг яруу найрагч гэнэ.

Хүссэн болгоныг, хүүхдийн үсний найран дээр очоод ерөөл хэлдэг хүнийг яруу найрагч гэхгүй. Монголчууд эртнээс тийм хүмүүсийг ерөөлч, магтаалч гэдэг байсан. Тэдгээр хүмүүс одоогийнхоор бол хэрэглээний яруу найргийг бүтээдэг байж. Гэхдээ тэднийг яруу найрагч гэж үзэх араггүй.

Нөгөөтэйгүүр манай захиргаадалтын сүүлийн 70 жилд тэр хэрэглээний ерөөл, магтаалыг яруу найраг гээд, дээр нь "Соци" нийгмийг сайшаасан хүмүүсийг яруу найрагч гээд төрийн шагнал, ардын уран зохиолч цол өгөөд алдар хүндийг оргилд залдаг болж.

Үнэн хэрэгтэй энэ бол том эндүүрэл юм. Энэ нь мэргэжлийн урлагийг хэрэглээний урлагтай андуурсаны гай, сумын нэг гайгүй дуулдаг эмэгтэйг театрт авч ирээд дуулуулах гэж хөгөө чирсэн явдал.

Яруу найраг, ерөөл магтаал хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм. Би ерөөлч магтаалчдыг буруутгаж байгаа юм биш. Ерөөлч магтаалчид бол хэрэглээний урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүмүүс. Гэвч яруу найраг бол дээр орших оршихуй.

О.Цэнд-Аюушийн шүлгүүдэд яруу найрагаар л илэрхийлэхээс өөр араггүй мөр бадгууд олон байна.

Жишээ нь:

Сар уснаас согоо шиг тонгойж амсана

Салхийг уулс цангасан адуу шиг залиглана

Мананг хөндий хөнжил шиг нөмөрч

Маралыг шугуй хөгжим шиг дуугаргана

Гол мөрний чимээг загас тэмээлзгэнэ шиг залгиж

Гоо бүсгүйн инээд алчуур шиг хуучирна

Аниргүй тал далбаа шиг гандаж

Цахилах зээр гал шиг дүрэлзэнэ... үүнийг л яруу найраг гэнэ. Энэ мөрүүдийг хэн нэгэн санаандгүй олж хэлэх араг байхгүй. Ийм шүлгүүд О.Цэнд-Аюушийн "Гунигт аяз" номонд олон байна. Үүгээр би энэхүү шүлгийн түүвэрийг уншигчдад хүрсэн ном болох дөхжээ гэж дүгнэлээ.

Мөн хараахан гүйцэд боловсроогүй, шүүс, усыг нь шахаж амжаагүй шүлгүүд байхыг үсгүйсгэхгүй.

Гэвч энэ бол жинхэнэ яруу найргийн, яруу найрагчийн туулах замын баг саг бартаа юм.

Ерөөс манай өвөг дээдэс эртнээс саарыг нь сайнд нь багтааж, сайнаар нь саарыг дарж ирсэн. Авъяастай хүний дутуу дулимагийг дүүрэнд нь багтааж болно.

Тэр утгаар нь би " О.Цэнд-Аюушийг манай өсөж яваа, авъяастай, ирээдүйтэй, яруу найрагч гэж хэлмээр байна.

Энэ үгээрээ би түүнийг хоосон магтаж, толгойг нь илж байгаа юм биш. Өрөөлийнхөөр бус өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө бичиж байгааг нь хэлж байна.

Дашрамд өгүүлэхэд энэ жилийн Болор цом-29 яруу найргийн наадамд олон яруу найрагчид сайхан шүлгүүд уншлаа. Гэвч О.Цэнд-Аюушийн "Амьтны хүрээлэнд" гэдэг шүлэг минийхээр хамгийн сайн шүлэг байсан гэдгийн хэлмээр байна.

Доктор, профессор, МУ-ын гавъяат багш Ч.Билэгсайхан.

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax